Monday, December 7, 2020

Босох уу, бохирох уу?


Хамгийн сүүлийн бичвэрийг 2012 онд бичээд таг болжээ, би. Бүхэл бүтэн 8 жил өнгөрч дээ. Хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна.

Хоёр удаа Парламентын сонгууль болж өнгөрчээ. Хоёуланд нь Монгол Ардын Нам ялж засгийн эрхийг авлаа. Өнөөдөр 2020 оны 12-р сарын 7.
Намууд ээлжилж засгийн эрх авч тоглосоор даруй 30 жил өнгөрсөн байна. Эргээд харахад халуун элгэн нутаг минь, хайртай эх орон минь, ахан дүүс минь өөдөлж дэвжсэнгүй, уруудаж доройтсон байх юм. Үүнийг  ганцхан үзүүлэлт хангалттай нотолно.  Баталгаатай албан ёсны эх сурвалж буюу Статистикийн газрын гаргасан мэдээгээр өнөөдөр Монголчуудын 30 хувь нь ядуу гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, 3 Монгол хүний 1 нь ядуу гуйлгачин амьдарч байна гэсэн үг! Аюулын дохио мөн биз? Энэ байдлаараа бол удахгүй энэ тоо нэмэгдэж, 50%-д хүрэх магадлалтай гэнэ. Энэ нь ч үнэн байх, яагаад гэвэл өнөө маргаашаа яая гэж аргацааж яваа, цалингаас цалингийн хооронд өр зээлтэй явдаг хүмүүс олон бий. Ер нь бүгд л элдэв өр зээлэнд хүлэгдсэн, айдастай яваа.

30 жил бага хугацаа биш. Зарим улсууд ийм хугацаанд улс орноо сэргээж босгоод өндөр хөгжилд хүрсэн гэлцэнэ. Гэтэл бид яагаад чадсангүй вэ? Үүнд ганц л хариулт байна. Бид засаглалын тогтолцоо, нийгмийн байгууламжаа буруу сонгожээ. Зүй нь бид Ерөнхийлөгчийн засаглалтай, хүнлэг нийгэм байгуулах ёстой байж. 

Өнөөдөр бид Парламентын засаглалтай, хүнлэг бус харгис нийгэм байгуулчихаад, ''чадалтай нь амьдарч, чадалгүй нь үх'', зах зээлийн жам гэж хэлээд сууж байна.  Засаг төрөөр нь олон толгой дураараа тоглож, дунд чөмгөөрөө жиргэж байна. Хууль тогтоогч нэртэй луйварчид нь  засаглаж байна.  Ямар ч аргаар хамаагүй ялан дийлсэн нам нэртэй бүлэг хулгайчид  боломж бүрийг ашиглан улсаа цөлмөж байна. Аль нам ялах нь үнэндээ онцын ялгаагүй. Эцсийн дүндээ юу болж байна гэвэл, мафи болсон намын нэрээр эрх мэдэл авсан хулгайчид баяжиж, ард түмэн маань сөхөрч байна. Цөөхөн гэр бүл Монголын өнгөтэй өөдтэйг цөлмөж, хулгай хийж, луйвардаж, долларын саятан болтлоо хөлжсөн гэдэг үнэн. Бүх хадгаламжийн мөнгөний 80-90% нь цөөхөн хэдэн хүнд харъялагддаг гэдэг статистик үзүүлэлт үүнийг нотолно. 

Ингээд бид цөөхөн хэдэн хэт баян хүнтэй, ард түмэн нийтээрээ гуйлгачин ядуу ийм л улс болж хувирчээ. Тэр нэг хэдэн өндөр барилга, гудамжиндаа багтахгүй явалтын хугацаа, нас нь дууссан машины олноор  улсын хөгжлийг  хэмжихгүй ээ. Тэр хэдэн өндөр барилга  чинь нөгөө хэдэн баячуудын л хөрөнгө юм шүү дээ. 

За өнөөдөр байдал ийм болжээ. Бид уруудаж явнаа гэдэг нь ойлгомжтой, маргах юм алга. Яахав, улс төрийн нам бараадаж, хэн нэгний бараа бологч болж яваад амжиргаагаа намынхаа хүчинд олж авсан хэсэг бүлэг хүмүүс өнөөгийн байдалдаа сэтгэл хангалуун байж болох боловч цөөн хүний амьдралаар нийт ард түмний амьдрал ахуйг дүгнэхгүй нь ойлгомжтой. Нам бараадагчид, цүнх баригчид бол амьдрал сайхан байна л гэж зүтгэнэ. Ард түмэн олон тэгж хэлэхгүй байгаа. Гэвч яагаад нөгөө л муу нэртэй, луу данстай намуудыг сонгоод байгаа юм гэсэн асуулт гарна. Хариулт нь өөр сонголт байхгүй гэхэд болно. Ядуу гуйлгачин, өлсгөлөн хүний саналыг авах чинь амархан шүү дээ. Иргэдээ зориуд харанхуй байлгах, өлсгөлөн байлгах чинь луйварчдын нэг арга юм л даа. Улс төр, нийгмийн боловсролгүй, дээр нь гэдэс хоосон хүнтэй юу ч гэж ярьж, мунхруулж болно.

Тэгвэл одоо яах вэ? Гарцаа яръя. 

Засаглалынхаа хэлбэрийг солих нь ганц боломжит арга нь. Өөрөөр хэлбэл, одоо байгаа Парламентын засаглалыг халж, оронд нь Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр хаант засагтай андуураад мушгидаг хүмүүс бий. Ерөнхийлөгчийн засаглал бол ардчилсан засаглалын нэг хэлбэр. Ерөнхийлөгч бол хаан биш. Харин тэр хүн бүх ард түмнээс сонгогдоод Засгийн газраа тэргүүлдэг юм. Гүйцэтгэх засаглалын буюу Засгийн газрын тэргүүн юм шүү дээ. 

Нөгөө талд нь мөн бүх ард түмнээс сонгогдож УИХ-ыг бүрдүүлэгч ард түмний төлөөлөл болсон хууль тогтоогчид маань хууль тогтоох засаглалыг бий болгоно. Энэ хоёр засаглал (Ерөнхийлөгч ба УИХ) хоёулаа бүх ард түмнээс сонгогдсон, зохих эрх үүрэгтэй бөгөөд бие биенээ хянах ёстой. Энэ хяналтыг зохих хуулиудаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь дураараа дургихыг хазаарлана гэсэн үг. Үүн дээр  шүүхийн бие даасан, хараат бус  шүүх засаглал нэмэгдэж шударга ёсыг сахиулдаг. Ардчилсан улсын тулгын 3 чулуу нь энэ юм: 

1. Гүйцэтгэх засаглал (Ерөнхийлөгч)

2. Хууль тогтоох засаглал (УИХ буюу Парламент)

3. Шүүх засаглал

Одоо манайд Үндсэн Хуулиараа тунхагласан Парламентын засаглал гэгч бол  дээрх 3 бие даасан бөгөөд бие биенээ хянах тулгын чулуунууд маань хоорондоо холилдчихсон байгаа хэлбэр юм. Энэ хэлбэр Монголд тохирохгүй гэдгийг өнгөрсөн 30 жил харууллаа. Энэ Парламентын засаглал гэдэгт нь эхний 2 засаглал нь холилдсон бөгөөд сүүлийнх нь нөгөө хоёроосоо томилогддог учраас тэднээсээ хараат болдог. Өөрөөр хэлбэл, хараат бусаар шийдвэр гаргаж шударга ёсыг сахиулах боломжгүй бөгөөд нөгөө хоёрынхоо хүсэл таалалд нийцүүлж шийдвэрээ гаргадаг гэсэн үг.

Тиймээс Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалыг (Ерөнхийлөгчөд засгийн газраа хариуцуулна) тунхаглах хэрэгтэй. Харамсалтай нь одоо эрх барьж буй МАН олонхиороо түрж саяхан Үндсэн Хуулинд өөрчлөлт нэртэй засвар хийгээд мөддөө Үндсэн Хуулиар оролдох аргагүй болгоод хаячихлаа. Одоо үйлчилж байгаа хуулиар бол Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулсаны дараа 8 жил дахин хөндөж болохгүй зохицуулалттай. Саяын өөрчлөлтийг 2019 оны 11 сард хийсэн учраас 2017 оны 11 сар хүртэл хөндөх аргагүй болгож орхисон хэрэг. Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийж чадахгүй бол тогтолцоогоо солих боломжгүй.

Эрх баригчид болон намууд одоо байгаа тогтолцоог өөрчлөх сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ тогтолцооны үед л тэд асар ихээр баяжиж хөрөнгөжих боломжтой гэдгийг нь 30 жилийн туршид мэдэрсэн учраас өөрчлөх хүсэлгүй байгаа юм.

Одоо 2017 оныг хүлээх үү, эсвэл наана нь эрслэн босож өөрчлөлтийг хийх үү гэдгээ л шийдэх хэрэгтэй. Зэвсэгт, цуст тэмцэл хийхгүйгээр, тайван замаар тэмцэж өөрчлөлтийг хийж болно. Хамгийн гол нь иргэд бүгдээрээ л тэмцэхгүй бол эрх баригчид болон намууд тоохгүй. 10 мянган хүн талбай дээр цуглаад үр дүн гарахгүй ээ. Зуу зуун мянгаараа жагсах ёстой юм.

Хэрэв бидний Монголчууд ингэж чадахгүй бол энэ байдлаараа дарлуулаад л амьдраад байхаас яахав. Хэт үнэмлэхүй баяжсан цөөхөн луйварчид , бусад нь хэт ядуу гуйлгачин гэсэн хоёр ангилал л байна гэсэн үг. Энэ хэвээрээ байвал бид баячуудынхаа шавхрууг хүртээд л, зол байвал хэн нэгнийх нь улыг долоож амь зуухаас өөр аргагүй хэвээр байна гэсэн үг. Золгүй нэг нь турж үхнэ биз. Хэдий болтол энэ байдлаа тэвчих нь одоогоор оньсого.

 

Monday, November 12, 2012

Халуун элгэн нутагт минь юу болж байна?

Халуун элгэн нутгаа хачин их санаж байна даа.  Холдох тусмаа их санадаг юм байна. Монголд байгаа нь энэ мэдрэмжийг мэдэрдэггүй бололтой. Гэхдээ л мэдээж Монгол хүн бүр Монголдоо хайртай. Харин санаа тавьж хөөе хаая гэх нь тун бага, чамлалттай байгаад л жаахан гундах юм даа. Уул уурхай гэж хамаг газар шороогоо ухаж сэндийчээд эхэллээ. Нөгөө онгон байгаль маань онгичсон байгаль болж хувирлаа.  Ухсан ч бас хамжааргатай ухмаар байх юм. 

Одоо уран гээч айхтар цацрагтай эдийг бас олборлож гадагшаа гаргах юм гэнэ. Тэгвэл ч бүр цацраг туяанд хордож дуусах бололтой. Цацраг туяаны  нөлөөгөөр баахан оюун ухааны гажигтай, эд эрхтэн дутуу, янз бүрийн согогтой баахан хүүхэд төрж Монгол үндэстэн мөхөх аюул   айсуй.
Хуучин эрх барьж  байсан МАХН (одоо МАН болсон) ураны хаягдал гадаадаас авчирч нутагтаа булна гээд баахан мөнгөний үнэр авчихаад шиншлээд гүйгээд байсан чинь ашгүй эх оронч хэсэг хүмүүс хэл ам хийсний хүчинд бодсоноо гүйцээж чадсангүй зайлцгаалаа.  Одоо шинээр засгийн эрхэнд гарсан Ардчилсан Нам харин уранаа олборлоно гэлээ.  Гаднаас цөмийн хаягдал авч булахгүй гэж тангараглах боловч өөрсдөө уран олборлоод унавал тэртэй тэргүй цацраг туяаны хордлогын аюул бодитой бий болж нөгөө онгон цэвэр байгаль, цэвэр агаар, цэвэр  ус гэдэг маань үлгэр домог болно гэсэн үг. АН  энэ уран олборлох бодлогоо зогсоохгүй бол хожмын нүгэлтэн болох замаа засаж байна гэсэн үг шүү гэдгийг намын удирдлагад анхааруулъя.

Шинэтгэлийн засгийн газар ард түмний талархал хүлээж байгаа олон арга хэмжээ авч зоригтой хөдөлж байна. Гэхдээ уул уурхайн лицензийн асуудлыг хурдан шийдэж, ураныг хөндөхгүй үлдээх хэрэгтэй байна.  Том том хэдхэн ордоо ашиглаад газрын  дов болгоныг онгичохоо болимоор. 

Халуун элгэн нутаг минь хар тамхины орон болох аюул бас улам бодитой болж байх шиг. Байсхийгээд л энд тэнд мансуурсан залуусыг цагдаа барилаа л гэнэ. Ахуйн хэрэглээний гааз, цавуу, гутлын тос үнэрлэж мансуурах нь нэмэгджээ. Энд тэндээс өвс ургамал түүж татдаг, түгээдэг, наймаалдаг үзэгдэл тасрахаа байж. Гааз үнэрлэж мансуурч байгаад шатлаа л гэнэ, хар тамхины хэргээр дотоод гадаадгүй ял авч шоронд орлоо л гэнэ. Хятадад хэдэн залуус маань цаазаар авахуулах юм гэнэ. Ард түмэн маань  цочрол авдаггүй ээ.

Оюунтны эх орон болсон улс маань өдөр нь зүүрмэглэж орой баардсан баахан оюутнуудаар дүүрлээ бололтой. Сургалт ч гэж сургалт. Ойр ойрхон шахаж, бага бага дээр нь шалгалт авч оюутнуудаа  сургадаг  хөгжилтэй орны сургалтын аргыг  нэвтрүүлдэг санаачлагатай сүүхээтэй багш, профессор, сургууль даанч алга уу? Баахан сэдэв үзэж байгаад л жилийн эцсээр ганц шалгалт бөөгнүүлж байгаад авдаг хоцрогдсон аргаасаа салмаар бус уу? Ийм аргаар сургалт явуулахад оюутан шахаанд орно гэж байхгүй, харин ч залхуурч хойш тавьсаар жилийн эцэс хүргээд өмнө үзсэн юмаа мартчихсан сууж байдаг.  Ямар ч шахалтгүй оюутан маань орой болгон зугаа цэнгэл хөөж шоудсаар тархиндаа юу ч үгүй хоцрох ба шалгалтыг  яаж ийгээд аргална. Одоо ч мөнгөтэй бол багшаасаа урьд өмнөх оюутнуудын хийсэн ажлыг "худалдаж аваад" нэрээ дээр нь бичээд л буцаагаад өгчихдөг болж дээ. Ийм "боловсон хүчинтэй" эх орон минь яаж хөгжих билээ?

Биеэ үнэлдэг эмэгтэй оюутнууд их болжээ. Гол нь төлбөрөө төлөх зорилготой мөнгө хурааж байгаа нь тэр. Ядуу айлын охид маань амьдрахын эрхээр биеэ үнэлж, гэмгүй нэг нь бусдад хууртаж "боол янхан" болоод эх орондоо болон гадаадад хууртагдан амьдралаараа, бие сэтгэлээрээ тоглуулж хохирох тохиолдол их гарах болжээ.
Мөнгөнд дуртай, эдийн шуналтай  манай  албан тушаалтнуудын шууд дэмжлэг  санаачлагаар  мэргэшсэн гадаадын ажиллах хүчин нэрээр Монголд орж ирсэн Хятадууд  охид эмэгтэйчүүдийг минь эзэгнэж, зарим нь үр төлөө үлдээгээд эхэлжээ. Ядуу Монгол бүсгүй амьдрахын эрхээр хятад хүний өвөрт орж хүүхдийг нь төрүүлэх болов. 

Хөдөө алс бөглүү  жижигхэн суурин газарт амьдрах хөдөөний иргэд маань хоорондоо гэр бүл болж цус нь ойртож эхэлсэн нь саяхан бий болсон асуудал биш юмаа. Дээхэн хөдөөгүүр нэлээн явж байсан нэгэн нэртэй зүстэй эрхэмийн бичсэнээр бол  нэг хот айлд ороход ёс юм шиг 1-2 оюуны согогтой элий балай хүүхэд байсан гэнэм. Миний бие ч бас дээхэн  Сүхбаатар аймаг ороод буцаж явахдаа нэг хот айлаар дайрахад бас л эрүүл  солиотой нь мэдэгдэхгүй хүмүүс байж билээ. Ямар сайндаа тэнд хоноглох бодлоо өөрчилж холхон очиж хээр буудаллаж байхав дээ. Тэр мэдрэл муутай хүмүүс шөнө яаж ч мэднэ гэж болгоомжилсон хэрэг. Энэ цус ойртсон асуудлыг төр засгаас бодлогоор зохицуулж  иргэдийг нүүлгэж хооронд нь сэлгэж суурьшуулж баймаар санагдана. Мэдээж хүчээр юу боллоо гэж шийдэх билээ.Харин өөр ухаалаг аргаар, жишээлбэл эдийн засгийн аргаар ч юм уу, энэ аюулаас сэргийлж болмоор санагдана. Ухуулга сурталчилгаа ч илүүдэхгүй.

Хоосон шахуу хонож байж л гадаад үзэмжиндээ анхаардаг гаднаа гяланцагууд их болжээ. Гар утасны дугаараар нь ялгаварлаж харьцдаг болж гэнэ. 99-ээр эхэлсэн бол тоогдож өөрөөр эхэлсэн бол гологддог юм байх. Мөнгийг сохроор шүтдэг өвчин газар авсан байна. Хүн чанар, ёс жудаг, сэтгэл гэж юм бараг үгүй болсон юмдаг уу даа. Машин осолдоод шатаж байхад дотор нь байгаа хүнийг гаргаад авах хүн олны  дотор ганц хоёрхон байдаг болж дээ. Бусад нь  шатаж байгаа  хүн ба машины зургийг гар утсаараа авч, бичлэг хийн  циркийн үзүүлбэр үзэж байгаа аятай аашилж байна гэнэ.
Монгол хүн Монгол хүнээ хайрлахаа больжээ.

Архины тухай шүүмжилж ярих бараг илүүц болж. Аргагүй шүү дээ. Багаасаа архи уугаад донтдог болоод эхлэхээр том болсон хойно нь юугаа ч ярих билээ. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэж.  Уг нь бол багаас нь жигшүүлж сургах хэрэгтэй юм л даа. Одоо ч сургуулийн хүүхэд архи уугаад нас баржээ гэсэн мэдээ гайхаад байх зүйл биш болж дээ. Дунд сургуульд байхдаа уугаад сурчихсан охид хөвгүүд маань оюутан болсон хойноо үргэлжлүүлээд л баардсаар байгаад жинхэнэ донтон болох бөгөөд энэ архидалт хэмээх гамшгийн  үр үндсийг багаас нь тасдаж сэргийлэхгүй бол ургасан хойно нь ямар ч арга хэрэглээд нэмэргүй гэдгийг ойлгоход хэцүү биш л баймаар.  Нэгэнт архинд орсон хүнийг татаж гаргах гэж байхаар өсвөр насныхандаа анхаарал тавимаар байна. Тэгэх юм бол "залгамж халааг" нь  алга болгож чадах бөгөөд ингэснээр архичид устаж үгүй болох юм.

Архийг жигших ухуулга сурталчилгааг сайн хийх хэрэгтэй байна. Архинаас болж нас барсан хүний эд эрхтэнг бүх мэдээллийн хэрэгслээр үзүүлж, биетээр нь харуулж жигшээмээр байна. Тамхитай ч мөн ийм аргаар бодитой тэмцэх хэрэгтэй. Хүний сэтгэл санаанд нөлөөлж, нүдэнд нь харуулж гарт нь бариулж байж үр дүн гарна. Зүгээр хоосон яриад хэн ч тоохгүй. Архи, тамхи эрүүл мэндэд хортой гэж улиг болж байхаар хордсон уушиг, харласан элэг үзүүлэх нь 100 дахин илүү үр дүнтэй.   Даанч санаачлага алга даа. Тархиа ажиллуулдаг санаачлагатай албан тушаалтан тун чиг ховор байгаа нь гачлантай.

Архинаас болж хичнээн олон хүний амьдрал сүйрч, олон хүүхэд өнчирч байгааг мэдэж, тоож байгаа эрх мэдэлтэн байгаа юм уу? Дээр нь бас архи уусан үедээ машин техник жолоодож  цөөхөн Монголчуудаасаа санаандгүйгээр  "цааш нь харуулж"  байгааг  яах вэ?  Согтуу жолооч бол гартаа хутга барьсан алуурчин юм. Энэ алуурчин бол хүүхэд, том хүн гэлтгүй замд таарсаныгаа дайрч алах бөгөөд харин бараг шийтгэл  авахгүй мултардаг. Хууль нь тийм юм.

Саяхан Орост нэг согтуу жолооч автобусны буудал дээр зогсож байсан том, жижиг нийлсэн 7 хүнийг дайрч алсан гэнэ. Тэндхийн хуулиар бол мань алуурчин дээд тал нь 9 жил авах юм байх. Үүнийг сонссон  Орос хүн бүр толгой сэгсрэн шогшорч байна. Шогшроод  нэмэргүй л дээ. Тэр жолооч өмнө нь бас согтуу машин барьж элдэв зөрчил гаргадаг байсан нэгэн гэнээ. Зөрчил гаргасан тухай үе болгонд нь хэдэн рублиэр торгоод л , толгойг нь илээд л явуулчихдаг байсны гай ингэж гарч байгаа хэрэг.  Олон хавар нэгэндээ гэж.

Манайхан ч ялгаагүй. Ерөөсөө архи уучихаад жолооны ард суусан л бол эхний удаа, 3 дахь удаагийнх гэлтгүйгээр шууд л машиныг нь (хэний машин байх нь хамаагүй) улсын орлого болгож зараад мөнгийг нь замын ослоос болж өнчирсөн хүүхдүүдийг тэтгэх тусгай санд төвлөрүүлж,  харин жолоочийг нь хийсэн хэргийнх нь хүнд хөнгөнөөс хамааруулж шийтгэх нь зүйтэй.   Аваар осол гаргаагүй явж байгаад баригдсан бол машиныг нь хураагаад өөрийг нь баривчилж тодорхой хугацаагаар албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Хүний эд хөрөнгө хураах нь зохисгүй гэж бодож магадгүй  хүмүүст хэлэхэд, харин ч хүний амь  хороохоос нь өмнө баригдсанд нь  баярлах хэрэгтэй гэж хэлье. Тэгээд ч машин зарсанаас олсон орлогыг юунд зарцуулахыг дээр бичсэн. Үүнд дургүйцэх хүн цөөхөн гарах болов уу.
Таны  машиныг  барьж яваад хураалгасан бол та  хашраад хойшид дахиж согтуу хүнд машинаа өгч явуулахаа болино.

Хэрэв осол гаргаж эд хөрөнгийн болон хүний амь хохироосон бол ямар шийтгэл оноохыг  зохих хуулинд  шинэчилж оруулбал зохино. Хатуухан үзэхгүй бол болохоо байсан байна. Хүний эрх энэ тэр гэж ярих хүмүүст анхааруулахад, замын ослоос болж хохирсон, амиа алдсан хүмүүс болон тэдний ар гэр, үр хүүхэд нь бас  амьд явах, аюулгүй амьдрах  эрхтэй юм шүү!

Бид хөгжье гэвэл хүнээ өсгөх хэрэгтэй. Хүнээ өсгөхийн тулд хүнээ хайрлаж аюулгүй амьдрах нөхцлийг хангаж өгөх ёстой.  Ингэхийн тулд удмаа цэврээр хадгалж үлдэх, зуурдаар амиа алддаг аюулыг багасгах, эрүүл мэндэд нь хортой элдэв зуршлыг арилгах, залуу өсвөр үеийг тэр муу зуршлаас холуур явуулах, олон хүүхэд төрүүлэхийг урамшуулж хангамж тэтгэлэг олгох зэргээр олон талт үр дүнтэй, зорилготой арга хэмжээнүүдийг тодорхой бодлоготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай.

Уг нь жаахан л ухаан гаргаад сэтгэл байвал болмоор л санагдах юм.
Ялангуяа хүүхэд төрүүлэхийг дэмжсэн бодлого явуулахгүй бол удахгүй  цөөхөн Монголчууд бүгд өндөр настан болчихсон байх вий. Орчин үеийн залуус олон хүүхдээс тээршааж, 1-2 хүүхэдтэй байхыг эрхэмлэх болжээ.  Энэ бол аюул. Төрөлт багасаад, дээр нь хүн болж төрсөн хэдээс нь өмнө өгүүлсэн шалтгаанаар "хороогоод" байвал бид яаж олуулаа болж хүчирхэгжих билээ? Гаргалгаа хийхэд гоц ухаан шаардахгүй байгаа биз?





 

Thursday, November 18, 2010

Халуун элгэн нутаг дууг хөшөөнийх нь хажууд дуулав

Цахим өртөө ТББ-аас 2007 оны 11 сарын 26-ны Тусгаар тогтнолын өдрөөр зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд Халуун элгэн нутаг хэмээх алдарт дууны хөшөөний хажууд элэг зүрхнээс уяатай Монгол орноо магтан дуулжээ.


Friday, January 15, 2010

Please sign the Online Petition

Haluun elgen nutag group-iin gishuud bolon enehuu duug suld duugaa bolgoh sanaliig demjigch nutag negt Mongolchuud ta buhendee doorhi link deer baigaa Online Petition buyu Internet huseltiig demjij burtguulehiig urialj baina.

http://www.petitiononline.com/henutag/petition.html

Haluun elgen nutag- Mongol oron minn mandah boltugai!

Sunday, September 27, 2009

Шаварт унасан шарын эзний үг

Миний шар шаварт уначихаад хөглөж байнаа. Яаж шавраас нь татаж гаргах вэ гээд өдрийн бодол шөнийн зүүд болж хэсэг явлаа. Уг нь сонирхолтой гэдэг ч юм уу эсвэл зугаатай (for fun) , бүр цаашлаад бас дэлхийн хамгийн "амархан" хэл гэгддэг Англи хэлийг мэддэг, сонирхдог, судалдаг , ярьдаг, сонсдог бүх хүмүүсийг ур чадвараа сонжооч ээ (challenging) гэж уриалсан ухаантай юм.

Манай группэд гишүүнээр элссэн эрхэм хүндэт ХЭН (Халуун Элгэн Нутагтан) та бүхний дотор энэ байтугайг хөрвүүлээд хаячих чадалтай хүмүүс зөндөө бий гэдэгт итгэлтэй байгаа. Гэхдээ анх энэ уралдааныг зарласанаас хойш өнөөдрийг хүртэл нэг ч орчуулга тавигдаагүй байхыг бодоход заримд нь дэндүү амархан санагдаад, зарим нь зав зай муутай болоод , эсвэл зарим нэг нь өөрийгөө "голоод" жаахан зүрхлэж чадахгүй ч юм уу , эсвэл нэрэлхээд, бас "ичингүйрээд" ч юм уу, үгүй бол даруу зан гаргаад нэг их хүчлээгүй байж мэдэх юм.

Тэгэхээр шаварт унасан шарын эзэн миний бие салхийг хагалж анхны шан татахаар шийдлээ. Араас минь тэгээд манай ХЭН-үүд уухайлаад шуурчих байхаа гэж найдна.
Сонгон шалгаруулалтын тухайд би ч ганцаараа шийдэхгүй. Бүх ирсэн орчуулга дээр гишүүдийн дунд санал хураалт явуулж, олонхийн санал авсан нь түрүүлэхээр хийвэл шударга болно гэж бодож байгаа. Гэхдээ гишүүд санаа оноогоо нэмэрлэнэ биз дээ.

Дууныхаа орчуулгыг www.haluunelgennutag.blogspot блог дээр Page elements рүү ороод Gadget хэлбэрээр тавих юм шүү. Орчуулга тань бэлэн болохоор email хаягаа бичсэн хүсэлт явуулбал блог дээр нийтлэх зохих эрхийг олгосон урилга явуулах юм. Эсвэл группын сайт дээр ( http://www.facebook.com/home.php?#/group.php?gid=90203738704 ) Comment хэлбэрээр, мөн Discussion board руу ороод тэнд үлдээж болох юм. Тэгвэл би блог дээр copy & paste хийгээд тавьж болно. Орчуулгын эзэн гэдэгээ тодорхойлсон нэр ус тавихаа мартав.

За ингээд юу ч гэсэн өөрийнхөө хувилбарыг блог дээр тавилаа. Угаасаа Англи хэл гэдгийг өтөлсөн хойноо оролдсон болохоор жаахан тааруу; тийм болохоор миний орчуулга ч хүнд үзүүлэхэд ичмээр дамшиг болсон байх. Гэхдээ ийм юман дээр болж өгвөл ичихгүй амьдарвал тустай болов уу гэж мунхаглана.

Tuesday, May 5, 2009

Уралдаан зарлаж байна

"Халуун элгэн нутаг" группын (групп гэж байхаар "баг" гэвэл ямар сонсогдох бол?) гишүүдийн дунд нэг уралдаан зохион явуулая гэж бодлоо. Уг уралдаан маань үндсэндээ 2 тусдаа бие даасан төрөлөөр явагдах юм.

Ингээд энэ уралдаандаа идэвхтэй оролцохыг та бүхэндээ уриалж байнаа. Аль нэг төрлөөр нь эсвэл хоёуланд нь авъяас хүчээ үзэж болно. Шалгаруулалтыг санал хураалтаар явуулах ба хамгийн олон дэмжлэг авсан нь түрүүлнэ гэсэн үг. Хоёр төрөл дээр тус тусдаа санал хураалт явуулах болно.

За ингээд уралдаанаа танилцуулъя:

1. Халуун элгэн нутаг дууны хамгийн сайн Англи орчуулга шалгаруулах уралдаан
2. Халуун элгэн нутаг дууны албан ёсны 3 бадаг дээр нэмж "сонирхогчийн" нэг бадагийг (4 мөртэй) шалгаруулах уралдаан

Уралдаанд оролцохыг сонирхсон бүх гишүүдэд www.haluunelgennutag.blogspot.com блог дээр өөрсдийнхөө бүтээлийг тавих эрх олгох (автор болох) урилгыг емайл хаягаар нь явуулах тул эхлээд авторын эрхээ аваад дараа нь нийтлээрэй. Сонирхсон гишүүд оролцох саналаа емайл хаягтайгаа COMMENT дээр үлдээвэл би тэр хаяг руу урилга явуулна. Мөн энэ дуутай холбоотой ямар нэгэн нийтлэл, саналаа бичиж тавьж болно.

Гишүүд саналаа өгөхдөө энэ блог дээр тавьсан санал хураалтын жагсаалтаас санал өгөх (өөрт таалагдсан сонголтоо) хариултаа сонгож шалгаруулалтанд оролцох юм шүү. Хоёр уралдаан учраас 2 тусдаа санал хураалт (poll) явагдана.
Санал хураалтын жагсаалтыг гишүүд өөрсдийнхөө бүтээлийг группын блог дээр тавьсаны дагуу бүрдүүлээд тодорхой хугацааны дараа санал хураахад зориулж тавина.

Гэхдээ эцсийн хугацаа буюу гишүүд бүтээлээ өгөх хугацааг яаж тогтоох талаар санаа оноогоо хэлэхийг хүсэж байна. Мэдээж тодорхой хугацаа хэрэгтэй, гэхдээ хэдэн сар байвал болох вэ гэж. (бас сүүлд нэмэгдэх шинэ гишүүддээ энэ уралдаанд оролцох боломж олгохын тулд хугацаа тийм давчуу байж болохгүй байх)
Бүтээлээ өгөх эцсийн хугацаа дуусаад тасалбар болонгуут санал хураах жагсаалтыг блог дээр тавьсанаар гишүүд саналаа өгөх боломжтой болно.

Good luck!

Жич:
Түрүүлсэн хүнд мэдээж шагналтай. Идэвхтэй оролцсон гишүүдэд урамшуулал олгоно.

Sunday, May 3, 2009

Монгол улсын шинэчилсэн гэх тєрийн дуулал буюу *халтуурдсан хувилбар*

Ийм гарчигтай нийтлэл БОЛОД гэдэг хүн Оллоо цэг ком дээр бичжээ. Гол нь сүлд дууны хуучин хувилбарыг засварлан шинэчлэхдээ сэтгэлд хүрэхээр болоогүй, "халтуурдсан" гэсэн утгаар шүүмжилсэн байна. Уншигч та бүхэндээ сонирхуулах гээд хуулаад тавьчихлаа.
Гэвч бидний сонирхол бол хуучин сүлд дуу нэртэй тэр дуунцарыг засаж сайжруулах биш (угаасаа яаж ч "засаад" нэмэргүй), харин "албан бус" нэртэй яваад байгаа "Халуун элгэн нутаг"-аар солих явдал билээ.
Болгоогтун.
(Оригийг нь үзье гэвэл: http://www.olloo.mn/modules.php?name=News&file=article&sid=30171 )


Yгийг Ц. Дамдинсvрэн

Аяыг Б. Дамдинсvрэн, Л. Мєрдорж

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн vйлс
Дандаа энхжиж, vvрд мєнхєжнє

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжvvлж
Хатан зориг, бvхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя

Єндєр тєрийн минь сvлд ивээж
Єргєн тvмний минь заяа тvшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн vрдээ євлєн бадраая

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чєлєє жаргалыг эдлэв
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай


Хуучин тєрийн дуулал

Дархан манай хувьсгалт улс
Даяар Монголын ариун голомт
Дайсны хөлд хэзээ ч орохгvй
Дандаа энхжин үүрд мөнхжинө

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя

Зоригт Монголын золтой ардууд
Зовлонг тонилгож жаргалыг эдлэв
Жаргалын тулгуур хөгжлийн түлхүүр
Жавхлант манай улс мандтугай

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж
Хатан зориг бvхий л чадлаараа
Хайрт Монгол орноо мандуулъя


Тєрийн дууллаа єєрчлєн шинэчилэх тухай Монгол улсын ерєнхийлєгчийн зарлиг гарч ажлын хэсэг байгуулагдаж ажиллаад багагvй хугацаа єнгєрсєний дараа ямар ч байсан баяр наадмынхаа ємнє дээрх шинэ тєрийн дуулалтай болов. Анх тєрийн дуулалд гар дvрэх тухай асуудал яригдаж эхлэхэд эсэргvvцэж элдэв юм ярьж байсан хvмvvс ч цєєнгvй байсан.

Гэвч энэ бол цаг vеэ олсон нийгмийн хэрэгцээ шаардлагаас урган гарсан зоригтой зєв зvйтэй шийдвэр байсан юм. Мєн Энэ удаа ноён ерєнхийлєгчид халуун баяр хvргэх хэрэгтэй болов уу. Гэхдээ баяр хvргэх vнэндээ эрт байнаа. Харин зєв юм санаачлаад *хулхи* зvйл хийсэнд нь том толгой гаргаж зэмлэх гэсэн юм...

Учир юу вэ гэвэл *ажил хийвэл дуустал* гэдэгчилэн санаачилж эхлvvлсэн энэхvv ажлаа *гурилдалгvйгээр* бvрэн дvvрэн дуусгах тал дээр санаа тавих хэрэгтэй санагдана. Монгол улсын тєрийн дуулал гэдэг зvгээр нэг хувь хvний хийрхэл vзэл бодол шингэсэн эсвэл байдаг л шvлэг биш билээ.

Тєрийн дуулал бол Монголын ард тvмэн тєр засаг улс орны маань тусгаар тогтнол, бvрэн эрхэт байдал, ард тvмний хvсэл эрмэлзлэл, бахархал бахдал, хvч чадал, эрх чєлєє эв нэгдэл, жаргал цэнгэл, тvvхийн гэрч, ирээдvйн захиас, єнєєдрийн итгэлийг илэрхийлсэн бидний зvрхний цохилт лугаа эрхэм нандин билгэдэл бvхий дуулал байх ёстой нь дамжиггvй. Энд явцуу, бvрхэг, буруу утга санаа бvхий нэг ч vг , єгvvлбэр, цэг таслал байх ёсгvй...

Хуучин тєрийн дуулалд маань хоцрогдсон сольж єєрчлєх шаардлагатай мєр бадаг цєєнгvй байсан нь vнэн. Ганц жишээ дурдвал эхний бадагт *Дархан манай хувьсгалт улс*, *Дайсны хєлд хэзээ ч орохгvй* гэх мэт хуучирсан хоцрогдсон, vзэл сурталжсан, хvйтэн дайны vеийн, дайн дажин айдас хvйтэст автаж заналхийлэл дунд байгаа мэт мєрvvд ажиглагддаг. Мєн шvлгийн ерєнхий бvтэц *тvг таг* гэсэн, бадгуудын тєгсгєл нєгєє л *тугай, тvгэй, тэгье ингэе* гэсэн худлаа лоозогносон шинжтэй гэхчилэн шvvмжлэх юм бий...

Тєрийн дууллыг єєрчлєх ажлын хэсэгт Монголын урдаа барьдаг утга уран зохиолын мастерууд, ардын, гавъяат, болор цомын эзэн цолтнууд нэг vгээр хэлбэл *мундагууд* багтсан дуулдсан. Одоо ард тvмэн ч итгэсэн хойноо ичиж байх шиг байна гэхэд хэтрvvлэг болохгvй биз.

Ямар ч байсан Тєрийн дууллыг тэр чигээр нь шинээр єєрчлєхийг тєвдєлгvй хуучин дуулал дээрээ ажиллаж зохиогч авторуудыг нь хэвээр vлдэхээр санал нэгдсэн. Энэхvv жудагтай шийдэл ч Монголын ард тvмэнд таалагдсаныг энд хэлэх нь зvйтэй. Гэхдээ *мундаг*-дын засаж шинэчилсэн шинэ тєрийн дуулал ємнєхєєсєє жаахан дээрдсэн мэт боловч vнэн хэрэгтэй тун тааруу болсон нь шууд ажиглагдаж гавъяа цолоор авьяасыг хэмжиж болохгvй гэдгийг нотлов бололтой. Зассан юм бол зассан шиг засаад нэг мєр аятайхан болгочихгvй яасан юм бол доо авъяас билэг дутаагvй юм бол сэтгэл дутаж дээ гэх бодол тєрнє. Нэгэнт л тєрийн дууллаа шинэчилж утга уянга тєгс болгоно гэж сvр дуулиан болж хуруу дvрсэн юм, тєгс болгож болгох нь зєв мэт санагдана?!

Утга уран зохиол сонирхогч хэдэн мєр холбох дуртай тєдий миний хувьд шинэ тєрийнхєє дууллыг хараад голмор аядаж шvvмжлэлтэй хандах зvйл цєєнгvй ажиглагдсанаа иргэн хvний хувьд энд сийрvvлж байна. Бvр *бяруу болоогvй байж бухын баасаар баах*-ын vлгэрээр ингээд засчихаж болдоггvй юм байхдаа гэж толгой сэгсэрч ганц нэг vг єгvvлбэр дээр нь ажиллаж хvртэл vзэв. Ямар ч байсан тєрийн дууллаа нэгэнт шинэчилэн засахаар шийдсэн юм бол засах л хэрэгтэй. Хэн хvнгvй оюун бодлоо чилээж санаа тавим л ёстой гэж бодно. Дахиад хvсэхэд эрхэм ерєнхийлєгч, эрдэмтэн мэргэд болгоож анхаарал хандуулж ард тvмэн ч гэсэн єєрсдийн санал бодлоо илэрхийлж Тєрийн дууллаа тєгс болгох тал дээр хичээх буйзаа гэж найдна. Битгий л мордохын хазгай болоосой доо.

Ингээд шинэчилсэн хувилбар дээр шvvмжлэлтэй хандаж байгаа зарим нэг мєр бадгуудийг єєрчлєх шаардлагатай байгааг єєрийн бодлоор єєрчлєн бичиж та бvхний мэргэн оюун таалалд толилуулж байна. Алдаа мадагтай аваас болгооно биз ээ...

*Халтуурдсан* шинэ тєрийн дууллыг шvvмжилж, засах нь буюу шинэчилсэн гэх тєрийн дуулалын *но*-нууд:

Дархан манай тусгаар улс – Энд *манай* гэдэг vг дэндvv *модон* хэллэг мэт санагдана. Тэгээд ч *дархан* гэдэг vгтэй нэг их сайн уялдан холбогдож чадахгvй байна. *Дархан манай* гэж юу гэсэн vг вэ? Дархан мужаан манай юу, Дархан хотын манай юу? гэж мунхаг надаас эхлээд тєєрєлдєх оньсого таах хэрэг хэн нэгэнд гарч мэдэх юм. Мэдээж энд дархан улс, дархалсан, дархан хил гэх санаа буй биз. Тиймд дээрх *манай * гэдэг vгийг *хилтэй* гэдэг vгээр сольвол утга тєгс, хэллэг эвтэй болох мэт санагдана. /жш: Дархан хилтэй тусгаар улс/

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн vйлс
– *Дээдсийн* гэдэг vг явцуу утга илэрхийлж байна. Мєн хvнийг ялгаврлан гадуурхсан ардчилсан зарчмыг зєрчсєн харагдана. Зєвхєн дээдсийн гэгээн vйлс дандаа энхжин мєнхжих хэрэг vv? Харин эгэл ард явсан євгєдийнх маань бол сєнєж балрах уу? Дээдсийн гавъяа их ч ардгvй бол хэзээч бvтэхгvй билээ. Тиймд энэхvv *дээдэс* гэсэн vгийг *євгєд* гэсэн vгээр солих хэрэгтэй санагдана. Монголчууд бид *Євєг дээдэс* гэж хэлдэг билээ. Тэгэхээр *євєг* гэдэг vг *дээдэс*-ээс илvv дээр том єргєн утга агуулагтай аль алийг нь багтаасан аж. Тэгээд ч бидний євєг дээдэс бvгд багтан зєвхєн хаан ихэс дээдэст зориулсан *манжилсан* бус болж бидний бvх л євєг дээдэс буюу ард тvмний гэгээн vйлс дандаа энхжин vvрд мєнхжих утга агуулах бусуу. /жш: Далай их євгєдийн гэгээн vйлс/

Дандаа энхжиж, vvрд мєнхєжнє

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжvvлж
– Энэ мєрєнд *хамтран нэгдсэн* гэж vг дараалан орж утга давхарджээ. Єєрєєр хэлбэл *хамтран хамтран эвээ*, *нэгдсэн нэгдсэн эвээ* бэхжvvлж гэдэгтэй агаар нэг юм. Манай Монгол vгийн сан баялаг утга санаа єргєн билээ. Тэгэхэд тєрийн дуулалдаа vг утга харамлаж ядмаг болгох хэрэг юусан билээ. Иймд аль нэг vгийг эсвэл єгvvлбэрээр солих нь зєв мэт.1-р бадгийн 2-р мєр маань *Далай Монголын ариун голомт* гэж тєгсєж байгаатай уялдуулвал зvгээр мэт санагдана. /жш: Хамтран хєгжсєн найрамдлыг єлгий/ гэвэл илvv утга уянга тєгс болох мэт.

Хатан зориг, бvхий л чадлаараа – Энд *бvхий л* гэж vг мєн л *модон* сонсогдож утга бvрхэг харагдаж байна. Тэгээд ч *хатан зориг* гэдэг хvнд vгийн араас нь зєєллєх нь зvйтэй мэт. Иймд *бvхий* гэдэг vгийг *эвийн* гэдэг vгээр сольж болох юм. Эвтэй бол хvчтэй гэдэг биз дээ. /жш: Хатан зориг эвийн хvчээрээ/

Хайртай Монгол орноо мандуулъя – Энэхvv мєрний *мандуулья* тєгсгєл бас л биш юмаа. Урд нь мандаагvй байж байгаад л єнєєдєр гэнэт санаад л мандуулья гэж орилж байгаа мэт худлаа лоозогносон шинжтэй. Тэгээд ч ємнєх бадгийн *мєнхєжнє* гэсэн тєгсгєлтэй ч зохицохгvй байна. Иймд тєгсгєлийн *мандуулья* гэдэг vгийг зvгээр л *мандуулна* болгож болно. Энэ нь vvрд мандуулсаар ч байсан, одоо ч мандуулна, мандуулсаар ч байх болно гэсэн ашдын утга билгэдэл болох бусуу. Ер нь бvх бадгийн *тугай тvгэй тэгье ингэе* гэдийг энэ мэт єєрчлєх нь зvйтэй мэт. Мєн ая аялгуунд ч эвтэй таарах боловуу гэж санагдана. /жш: Хайртай Монгол орноо мандуулна/

Єндєр тєрийн минь сvлд ивээж
Єргєн тvмний минь заяа тvшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yрийн vрдээ євлєн бадраая
- *Yрийн vрдээ євлєн бадраая* гэж юу гэсэн vг вэ. Зєвхєн 2-хон vедээ л vндэс язгуур хэл соёлоо євлvvлэх хэрэг vv. Єєрєєр хэлбэл ачдаа євлvvлээд цааш тасрах уу? Энд харин илvv єргєн утга санаа илэрхийлж *Yеийн vедээ* болгож засаж болох мэт. Ингэснээр vеийн vед буюу vvрд євлvvлэн бадраана гэсэн утга тодорно. Энд мєн тєгсгєлийн *бадраая* гэдэг vгийг дээр дурдсан адил болгож *бадраана* болгох нь зvйтэй болов уу. /жш: Yеийн vедээ євлєн бадраана/

Эрэлхэг Монголын золтой ардууд- Энэ бадгийн эхлэл *Эрэлхэг* гэдэг vг илvvц мэт. Єнєєдєр орчин vед эр зориг илд зэвсэгээр бvхнийг дийлэх айлгах бус харин оюун ухаан эвийн хvчээрээ энх тайван оршин тогтнож амьдардаг болсон цаг. Тэгээд ч *Эрэлхэг Монголын -золтой ардууд* гэж нэг л наалдаж єгєхгvй байна. Эрэлхэг улсад тєрєхєєрєє л золтой болдог гэж vv? *Эрэлхэг гэдэг vгийг *энх* гэдэг vгээр орлуулбал илvv утга єргєн мєн доод *Эрх чєлєє жаргалыг эдлэв* гэсэн мєртэйгээ илvv зохицож наалдаж байна. /жш: Энх Монголын золтой ардууд*

Эрх чєлєє жаргалыг эдлэв
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай
- /жш: Жавхлант манай орон мандана/

Утга зохиол, яруу найраг сонирхогч, сэтгvvлч Болодын Мєнхдєл миний ганц нэг vг утга дээр засвар хийх тухай дахин шинэчилсан хувилбар:

Тєрийн дуулал

Yгийг Ц. Дамдинсvрэн
Аяыг Б. Дамдинсvрэн, Л. Мєрдорж

Дархан хилтэй тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их євгєдийн гэгээн vйлс
Дандаа энхжиж, vvрд мєнхєжнє

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран хєгжсєн найрамдлын єлгий
Хатан зориг, эвийн чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулна

Єндєр тєрийн минь сvлд ивээж
Єргєн тvмний минь заяа тvшиж
Yндэс язгуур, хэл соёлоо
Yеийн vедээ євлєн бадраана

Энх Монголын золтой ардууд
Эрх чєлєє жаргалыг эдлэж
Жаргалын тvлхvvр, хєгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандана


Та бvхэн санал бодлоо илгээгээрэй! Bolod81@yahoo.com

/Болод.М/