Monday, December 7, 2020

Босох уу, бохирох уу?


Хамгийн сүүлийн бичвэрийг 2012 онд бичээд таг болжээ, би. Бүхэл бүтэн 8 жил өнгөрч дээ. Хорвоогийн тоосыг хөдөлгөж л явна.

Хоёр удаа Парламентын сонгууль болж өнгөрчээ. Хоёуланд нь Монгол Ардын Нам ялж засгийн эрхийг авлаа. Өнөөдөр 2020 оны 12-р сарын 7.
Намууд ээлжилж засгийн эрх авч тоглосоор даруй 30 жил өнгөрсөн байна. Эргээд харахад халуун элгэн нутаг минь, хайртай эх орон минь, ахан дүүс минь өөдөлж дэвжсэнгүй, уруудаж доройтсон байх юм. Үүнийг  ганцхан үзүүлэлт хангалттай нотолно.  Баталгаатай албан ёсны эх сурвалж буюу Статистикийн газрын гаргасан мэдээгээр өнөөдөр Монголчуудын 30 хувь нь ядуу гэсэн судалгаа байна. Өөрөөр хэлбэл, 3 Монгол хүний 1 нь ядуу гуйлгачин амьдарч байна гэсэн үг! Аюулын дохио мөн биз? Энэ байдлаараа бол удахгүй энэ тоо нэмэгдэж, 50%-д хүрэх магадлалтай гэнэ. Энэ нь ч үнэн байх, яагаад гэвэл өнөө маргаашаа яая гэж аргацааж яваа, цалингаас цалингийн хооронд өр зээлтэй явдаг хүмүүс олон бий. Ер нь бүгд л элдэв өр зээлэнд хүлэгдсэн, айдастай яваа.

30 жил бага хугацаа биш. Зарим улсууд ийм хугацаанд улс орноо сэргээж босгоод өндөр хөгжилд хүрсэн гэлцэнэ. Гэтэл бид яагаад чадсангүй вэ? Үүнд ганц л хариулт байна. Бид засаглалын тогтолцоо, нийгмийн байгууламжаа буруу сонгожээ. Зүй нь бид Ерөнхийлөгчийн засаглалтай, хүнлэг нийгэм байгуулах ёстой байж. 

Өнөөдөр бид Парламентын засаглалтай, хүнлэг бус харгис нийгэм байгуулчихаад, ''чадалтай нь амьдарч, чадалгүй нь үх'', зах зээлийн жам гэж хэлээд сууж байна.  Засаг төрөөр нь олон толгой дураараа тоглож, дунд чөмгөөрөө жиргэж байна. Хууль тогтоогч нэртэй луйварчид нь  засаглаж байна.  Ямар ч аргаар хамаагүй ялан дийлсэн нам нэртэй бүлэг хулгайчид  боломж бүрийг ашиглан улсаа цөлмөж байна. Аль нам ялах нь үнэндээ онцын ялгаагүй. Эцсийн дүндээ юу болж байна гэвэл, мафи болсон намын нэрээр эрх мэдэл авсан хулгайчид баяжиж, ард түмэн маань сөхөрч байна. Цөөхөн гэр бүл Монголын өнгөтэй өөдтэйг цөлмөж, хулгай хийж, луйвардаж, долларын саятан болтлоо хөлжсөн гэдэг үнэн. Бүх хадгаламжийн мөнгөний 80-90% нь цөөхөн хэдэн хүнд харъялагддаг гэдэг статистик үзүүлэлт үүнийг нотолно. 

Ингээд бид цөөхөн хэдэн хэт баян хүнтэй, ард түмэн нийтээрээ гуйлгачин ядуу ийм л улс болж хувирчээ. Тэр нэг хэдэн өндөр барилга, гудамжиндаа багтахгүй явалтын хугацаа, нас нь дууссан машины олноор  улсын хөгжлийг  хэмжихгүй ээ. Тэр хэдэн өндөр барилга  чинь нөгөө хэдэн баячуудын л хөрөнгө юм шүү дээ. 

За өнөөдөр байдал ийм болжээ. Бид уруудаж явнаа гэдэг нь ойлгомжтой, маргах юм алга. Яахав, улс төрийн нам бараадаж, хэн нэгний бараа бологч болж яваад амжиргаагаа намынхаа хүчинд олж авсан хэсэг бүлэг хүмүүс өнөөгийн байдалдаа сэтгэл хангалуун байж болох боловч цөөн хүний амьдралаар нийт ард түмний амьдрал ахуйг дүгнэхгүй нь ойлгомжтой. Нам бараадагчид, цүнх баригчид бол амьдрал сайхан байна л гэж зүтгэнэ. Ард түмэн олон тэгж хэлэхгүй байгаа. Гэвч яагаад нөгөө л муу нэртэй, луу данстай намуудыг сонгоод байгаа юм гэсэн асуулт гарна. Хариулт нь өөр сонголт байхгүй гэхэд болно. Ядуу гуйлгачин, өлсгөлөн хүний саналыг авах чинь амархан шүү дээ. Иргэдээ зориуд харанхуй байлгах, өлсгөлөн байлгах чинь луйварчдын нэг арга юм л даа. Улс төр, нийгмийн боловсролгүй, дээр нь гэдэс хоосон хүнтэй юу ч гэж ярьж, мунхруулж болно.

Тэгвэл одоо яах вэ? Гарцаа яръя. 

Засаглалынхаа хэлбэрийг солих нь ганц боломжит арга нь. Өөрөөр хэлбэл, одоо байгаа Парламентын засаглалыг халж, оронд нь Ерөнхийлөгчийн засаглалыг сонгох хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийлөгчийн засаглал гэхээр хаант засагтай андуураад мушгидаг хүмүүс бий. Ерөнхийлөгчийн засаглал бол ардчилсан засаглалын нэг хэлбэр. Ерөнхийлөгч бол хаан биш. Харин тэр хүн бүх ард түмнээс сонгогдоод Засгийн газраа тэргүүлдэг юм. Гүйцэтгэх засаглалын буюу Засгийн газрын тэргүүн юм шүү дээ. 

Нөгөө талд нь мөн бүх ард түмнээс сонгогдож УИХ-ыг бүрдүүлэгч ард түмний төлөөлөл болсон хууль тогтоогчид маань хууль тогтоох засаглалыг бий болгоно. Энэ хоёр засаглал (Ерөнхийлөгч ба УИХ) хоёулаа бүх ард түмнээс сонгогдсон, зохих эрх үүрэгтэй бөгөөд бие биенээ хянах ёстой. Энэ хяналтыг зохих хуулиудаар зохицуулна. Өөрөөр хэлбэл, хэн хэн нь дураараа дургихыг хазаарлана гэсэн үг. Үүн дээр  шүүхийн бие даасан, хараат бус  шүүх засаглал нэмэгдэж шударга ёсыг сахиулдаг. Ардчилсан улсын тулгын 3 чулуу нь энэ юм: 

1. Гүйцэтгэх засаглал (Ерөнхийлөгч)

2. Хууль тогтоох засаглал (УИХ буюу Парламент)

3. Шүүх засаглал

Одоо манайд Үндсэн Хуулиараа тунхагласан Парламентын засаглал гэгч бол  дээрх 3 бие даасан бөгөөд бие биенээ хянах тулгын чулуунууд маань хоорондоо холилдчихсон байгаа хэлбэр юм. Энэ хэлбэр Монголд тохирохгүй гэдгийг өнгөрсөн 30 жил харууллаа. Энэ Парламентын засаглал гэдэгт нь эхний 2 засаглал нь холилдсон бөгөөд сүүлийнх нь нөгөө хоёроосоо томилогддог учраас тэднээсээ хараат болдог. Өөрөөр хэлбэл, хараат бусаар шийдвэр гаргаж шударга ёсыг сахиулах боломжгүй бөгөөд нөгөө хоёрынхоо хүсэл таалалд нийцүүлж шийдвэрээ гаргадаг гэсэн үг.

Тиймээс Үндсэн Хуулиндаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийн засаглалыг (Ерөнхийлөгчөд засгийн газраа хариуцуулна) тунхаглах хэрэгтэй. Харамсалтай нь одоо эрх барьж буй МАН олонхиороо түрж саяхан Үндсэн Хуулинд өөрчлөлт нэртэй засвар хийгээд мөддөө Үндсэн Хуулиар оролдох аргагүй болгоод хаячихлаа. Одоо үйлчилж байгаа хуулиар бол Үндсэн Хуулинд өөрчлөлт оруулсаны дараа 8 жил дахин хөндөж болохгүй зохицуулалттай. Саяын өөрчлөлтийг 2019 оны 11 сард хийсэн учраас 2017 оны 11 сар хүртэл хөндөх аргагүй болгож орхисон хэрэг. Үндсэн Хуулиндаа өөрчлөлт хийж чадахгүй бол тогтолцоогоо солих боломжгүй.

Эрх баригчид болон намууд одоо байгаа тогтолцоог өөрчлөх сонирхолгүй байгаа нь ойлгомжтой. Яагаад гэвэл энэ тогтолцооны үед л тэд асар ихээр баяжиж хөрөнгөжих боломжтой гэдгийг нь 30 жилийн туршид мэдэрсэн учраас өөрчлөх хүсэлгүй байгаа юм.

Одоо 2017 оныг хүлээх үү, эсвэл наана нь эрслэн босож өөрчлөлтийг хийх үү гэдгээ л шийдэх хэрэгтэй. Зэвсэгт, цуст тэмцэл хийхгүйгээр, тайван замаар тэмцэж өөрчлөлтийг хийж болно. Хамгийн гол нь иргэд бүгдээрээ л тэмцэхгүй бол эрх баригчид болон намууд тоохгүй. 10 мянган хүн талбай дээр цуглаад үр дүн гарахгүй ээ. Зуу зуун мянгаараа жагсах ёстой юм.

Хэрэв бидний Монголчууд ингэж чадахгүй бол энэ байдлаараа дарлуулаад л амьдраад байхаас яахав. Хэт үнэмлэхүй баяжсан цөөхөн луйварчид , бусад нь хэт ядуу гуйлгачин гэсэн хоёр ангилал л байна гэсэн үг. Энэ хэвээрээ байвал бид баячуудынхаа шавхрууг хүртээд л, зол байвал хэн нэгнийх нь улыг долоож амь зуухаас өөр аргагүй хэвээр байна гэсэн үг. Золгүй нэг нь турж үхнэ биз. Хэдий болтол энэ байдлаа тэвчих нь одоогоор оньсого.

 

No comments:

Post a Comment