Monday, November 12, 2012

Халуун элгэн нутагт минь юу болж байна?

Халуун элгэн нутгаа хачин их санаж байна даа.  Холдох тусмаа их санадаг юм байна. Монголд байгаа нь энэ мэдрэмжийг мэдэрдэггүй бололтой. Гэхдээ л мэдээж Монгол хүн бүр Монголдоо хайртай. Харин санаа тавьж хөөе хаая гэх нь тун бага, чамлалттай байгаад л жаахан гундах юм даа. Уул уурхай гэж хамаг газар шороогоо ухаж сэндийчээд эхэллээ. Нөгөө онгон байгаль маань онгичсон байгаль болж хувирлаа.  Ухсан ч бас хамжааргатай ухмаар байх юм. 

Одоо уран гээч айхтар цацрагтай эдийг бас олборлож гадагшаа гаргах юм гэнэ. Тэгвэл ч бүр цацраг туяанд хордож дуусах бололтой. Цацраг туяаны  нөлөөгөөр баахан оюун ухааны гажигтай, эд эрхтэн дутуу, янз бүрийн согогтой баахан хүүхэд төрж Монгол үндэстэн мөхөх аюул   айсуй.
Хуучин эрх барьж  байсан МАХН (одоо МАН болсон) ураны хаягдал гадаадаас авчирч нутагтаа булна гээд баахан мөнгөний үнэр авчихаад шиншлээд гүйгээд байсан чинь ашгүй эх оронч хэсэг хүмүүс хэл ам хийсний хүчинд бодсоноо гүйцээж чадсангүй зайлцгаалаа.  Одоо шинээр засгийн эрхэнд гарсан Ардчилсан Нам харин уранаа олборлоно гэлээ.  Гаднаас цөмийн хаягдал авч булахгүй гэж тангараглах боловч өөрсдөө уран олборлоод унавал тэртэй тэргүй цацраг туяаны хордлогын аюул бодитой бий болж нөгөө онгон цэвэр байгаль, цэвэр агаар, цэвэр  ус гэдэг маань үлгэр домог болно гэсэн үг. АН  энэ уран олборлох бодлогоо зогсоохгүй бол хожмын нүгэлтэн болох замаа засаж байна гэсэн үг шүү гэдгийг намын удирдлагад анхааруулъя.

Шинэтгэлийн засгийн газар ард түмний талархал хүлээж байгаа олон арга хэмжээ авч зоригтой хөдөлж байна. Гэхдээ уул уурхайн лицензийн асуудлыг хурдан шийдэж, ураныг хөндөхгүй үлдээх хэрэгтэй байна.  Том том хэдхэн ордоо ашиглаад газрын  дов болгоныг онгичохоо болимоор. 

Халуун элгэн нутаг минь хар тамхины орон болох аюул бас улам бодитой болж байх шиг. Байсхийгээд л энд тэнд мансуурсан залуусыг цагдаа барилаа л гэнэ. Ахуйн хэрэглээний гааз, цавуу, гутлын тос үнэрлэж мансуурах нь нэмэгджээ. Энд тэндээс өвс ургамал түүж татдаг, түгээдэг, наймаалдаг үзэгдэл тасрахаа байж. Гааз үнэрлэж мансуурч байгаад шатлаа л гэнэ, хар тамхины хэргээр дотоод гадаадгүй ял авч шоронд орлоо л гэнэ. Хятадад хэдэн залуус маань цаазаар авахуулах юм гэнэ. Ард түмэн маань  цочрол авдаггүй ээ.

Оюунтны эх орон болсон улс маань өдөр нь зүүрмэглэж орой баардсан баахан оюутнуудаар дүүрлээ бололтой. Сургалт ч гэж сургалт. Ойр ойрхон шахаж, бага бага дээр нь шалгалт авч оюутнуудаа  сургадаг  хөгжилтэй орны сургалтын аргыг  нэвтрүүлдэг санаачлагатай сүүхээтэй багш, профессор, сургууль даанч алга уу? Баахан сэдэв үзэж байгаад л жилийн эцсээр ганц шалгалт бөөгнүүлж байгаад авдаг хоцрогдсон аргаасаа салмаар бус уу? Ийм аргаар сургалт явуулахад оюутан шахаанд орно гэж байхгүй, харин ч залхуурч хойш тавьсаар жилийн эцэс хүргээд өмнө үзсэн юмаа мартчихсан сууж байдаг.  Ямар ч шахалтгүй оюутан маань орой болгон зугаа цэнгэл хөөж шоудсаар тархиндаа юу ч үгүй хоцрох ба шалгалтыг  яаж ийгээд аргална. Одоо ч мөнгөтэй бол багшаасаа урьд өмнөх оюутнуудын хийсэн ажлыг "худалдаж аваад" нэрээ дээр нь бичээд л буцаагаад өгчихдөг болж дээ. Ийм "боловсон хүчинтэй" эх орон минь яаж хөгжих билээ?

Биеэ үнэлдэг эмэгтэй оюутнууд их болжээ. Гол нь төлбөрөө төлөх зорилготой мөнгө хурааж байгаа нь тэр. Ядуу айлын охид маань амьдрахын эрхээр биеэ үнэлж, гэмгүй нэг нь бусдад хууртаж "боол янхан" болоод эх орондоо болон гадаадад хууртагдан амьдралаараа, бие сэтгэлээрээ тоглуулж хохирох тохиолдол их гарах болжээ.
Мөнгөнд дуртай, эдийн шуналтай  манай  албан тушаалтнуудын шууд дэмжлэг  санаачлагаар  мэргэшсэн гадаадын ажиллах хүчин нэрээр Монголд орж ирсэн Хятадууд  охид эмэгтэйчүүдийг минь эзэгнэж, зарим нь үр төлөө үлдээгээд эхэлжээ. Ядуу Монгол бүсгүй амьдрахын эрхээр хятад хүний өвөрт орж хүүхдийг нь төрүүлэх болов. 

Хөдөө алс бөглүү  жижигхэн суурин газарт амьдрах хөдөөний иргэд маань хоорондоо гэр бүл болж цус нь ойртож эхэлсэн нь саяхан бий болсон асуудал биш юмаа. Дээхэн хөдөөгүүр нэлээн явж байсан нэгэн нэртэй зүстэй эрхэмийн бичсэнээр бол  нэг хот айлд ороход ёс юм шиг 1-2 оюуны согогтой элий балай хүүхэд байсан гэнэм. Миний бие ч бас дээхэн  Сүхбаатар аймаг ороод буцаж явахдаа нэг хот айлаар дайрахад бас л эрүүл  солиотой нь мэдэгдэхгүй хүмүүс байж билээ. Ямар сайндаа тэнд хоноглох бодлоо өөрчилж холхон очиж хээр буудаллаж байхав дээ. Тэр мэдрэл муутай хүмүүс шөнө яаж ч мэднэ гэж болгоомжилсон хэрэг. Энэ цус ойртсон асуудлыг төр засгаас бодлогоор зохицуулж  иргэдийг нүүлгэж хооронд нь сэлгэж суурьшуулж баймаар санагдана. Мэдээж хүчээр юу боллоо гэж шийдэх билээ.Харин өөр ухаалаг аргаар, жишээлбэл эдийн засгийн аргаар ч юм уу, энэ аюулаас сэргийлж болмоор санагдана. Ухуулга сурталчилгаа ч илүүдэхгүй.

Хоосон шахуу хонож байж л гадаад үзэмжиндээ анхаардаг гаднаа гяланцагууд их болжээ. Гар утасны дугаараар нь ялгаварлаж харьцдаг болж гэнэ. 99-ээр эхэлсэн бол тоогдож өөрөөр эхэлсэн бол гологддог юм байх. Мөнгийг сохроор шүтдэг өвчин газар авсан байна. Хүн чанар, ёс жудаг, сэтгэл гэж юм бараг үгүй болсон юмдаг уу даа. Машин осолдоод шатаж байхад дотор нь байгаа хүнийг гаргаад авах хүн олны  дотор ганц хоёрхон байдаг болж дээ. Бусад нь  шатаж байгаа  хүн ба машины зургийг гар утсаараа авч, бичлэг хийн  циркийн үзүүлбэр үзэж байгаа аятай аашилж байна гэнэ.
Монгол хүн Монгол хүнээ хайрлахаа больжээ.

Архины тухай шүүмжилж ярих бараг илүүц болж. Аргагүй шүү дээ. Багаасаа архи уугаад донтдог болоод эхлэхээр том болсон хойно нь юугаа ч ярих билээ. Сурсан юмыг сураар боож болдоггүй гэж.  Уг нь бол багаас нь жигшүүлж сургах хэрэгтэй юм л даа. Одоо ч сургуулийн хүүхэд архи уугаад нас баржээ гэсэн мэдээ гайхаад байх зүйл биш болж дээ. Дунд сургуульд байхдаа уугаад сурчихсан охид хөвгүүд маань оюутан болсон хойноо үргэлжлүүлээд л баардсаар байгаад жинхэнэ донтон болох бөгөөд энэ архидалт хэмээх гамшгийн  үр үндсийг багаас нь тасдаж сэргийлэхгүй бол ургасан хойно нь ямар ч арга хэрэглээд нэмэргүй гэдгийг ойлгоход хэцүү биш л баймаар.  Нэгэнт архинд орсон хүнийг татаж гаргах гэж байхаар өсвөр насныхандаа анхаарал тавимаар байна. Тэгэх юм бол "залгамж халааг" нь  алга болгож чадах бөгөөд ингэснээр архичид устаж үгүй болох юм.

Архийг жигших ухуулга сурталчилгааг сайн хийх хэрэгтэй байна. Архинаас болж нас барсан хүний эд эрхтэнг бүх мэдээллийн хэрэгслээр үзүүлж, биетээр нь харуулж жигшээмээр байна. Тамхитай ч мөн ийм аргаар бодитой тэмцэх хэрэгтэй. Хүний сэтгэл санаанд нөлөөлж, нүдэнд нь харуулж гарт нь бариулж байж үр дүн гарна. Зүгээр хоосон яриад хэн ч тоохгүй. Архи, тамхи эрүүл мэндэд хортой гэж улиг болж байхаар хордсон уушиг, харласан элэг үзүүлэх нь 100 дахин илүү үр дүнтэй.   Даанч санаачлага алга даа. Тархиа ажиллуулдаг санаачлагатай албан тушаалтан тун чиг ховор байгаа нь гачлантай.

Архинаас болж хичнээн олон хүний амьдрал сүйрч, олон хүүхэд өнчирч байгааг мэдэж, тоож байгаа эрх мэдэлтэн байгаа юм уу? Дээр нь бас архи уусан үедээ машин техник жолоодож  цөөхөн Монголчуудаасаа санаандгүйгээр  "цааш нь харуулж"  байгааг  яах вэ?  Согтуу жолооч бол гартаа хутга барьсан алуурчин юм. Энэ алуурчин бол хүүхэд, том хүн гэлтгүй замд таарсаныгаа дайрч алах бөгөөд харин бараг шийтгэл  авахгүй мултардаг. Хууль нь тийм юм.

Саяхан Орост нэг согтуу жолооч автобусны буудал дээр зогсож байсан том, жижиг нийлсэн 7 хүнийг дайрч алсан гэнэ. Тэндхийн хуулиар бол мань алуурчин дээд тал нь 9 жил авах юм байх. Үүнийг сонссон  Орос хүн бүр толгой сэгсрэн шогшорч байна. Шогшроод  нэмэргүй л дээ. Тэр жолооч өмнө нь бас согтуу машин барьж элдэв зөрчил гаргадаг байсан нэгэн гэнээ. Зөрчил гаргасан тухай үе болгонд нь хэдэн рублиэр торгоод л , толгойг нь илээд л явуулчихдаг байсны гай ингэж гарч байгаа хэрэг.  Олон хавар нэгэндээ гэж.

Манайхан ч ялгаагүй. Ерөөсөө архи уучихаад жолооны ард суусан л бол эхний удаа, 3 дахь удаагийнх гэлтгүйгээр шууд л машиныг нь (хэний машин байх нь хамаагүй) улсын орлого болгож зараад мөнгийг нь замын ослоос болж өнчирсөн хүүхдүүдийг тэтгэх тусгай санд төвлөрүүлж,  харин жолоочийг нь хийсэн хэргийнх нь хүнд хөнгөнөөс хамааруулж шийтгэх нь зүйтэй.   Аваар осол гаргаагүй явж байгаад баригдсан бол машиныг нь хураагаад өөрийг нь баривчилж тодорхой хугацаагаар албадан хөдөлмөр хийлгэх хэрэгтэй. Хүний эд хөрөнгө хураах нь зохисгүй гэж бодож магадгүй  хүмүүст хэлэхэд, харин ч хүний амь  хороохоос нь өмнө баригдсанд нь  баярлах хэрэгтэй гэж хэлье. Тэгээд ч машин зарсанаас олсон орлогыг юунд зарцуулахыг дээр бичсэн. Үүнд дургүйцэх хүн цөөхөн гарах болов уу.
Таны  машиныг  барьж яваад хураалгасан бол та  хашраад хойшид дахиж согтуу хүнд машинаа өгч явуулахаа болино.

Хэрэв осол гаргаж эд хөрөнгийн болон хүний амь хохироосон бол ямар шийтгэл оноохыг  зохих хуулинд  шинэчилж оруулбал зохино. Хатуухан үзэхгүй бол болохоо байсан байна. Хүний эрх энэ тэр гэж ярих хүмүүст анхааруулахад, замын ослоос болж хохирсон, амиа алдсан хүмүүс болон тэдний ар гэр, үр хүүхэд нь бас  амьд явах, аюулгүй амьдрах  эрхтэй юм шүү!

Бид хөгжье гэвэл хүнээ өсгөх хэрэгтэй. Хүнээ өсгөхийн тулд хүнээ хайрлаж аюулгүй амьдрах нөхцлийг хангаж өгөх ёстой.  Ингэхийн тулд удмаа цэврээр хадгалж үлдэх, зуурдаар амиа алддаг аюулыг багасгах, эрүүл мэндэд нь хортой элдэв зуршлыг арилгах, залуу өсвөр үеийг тэр муу зуршлаас холуур явуулах, олон хүүхэд төрүүлэхийг урамшуулж хангамж тэтгэлэг олгох зэргээр олон талт үр дүнтэй, зорилготой арга хэмжээнүүдийг тодорхой бодлоготойгоор хэрэгжүүлэх шаардлагатай.

Уг нь жаахан л ухаан гаргаад сэтгэл байвал болмоор л санагдах юм.
Ялангуяа хүүхэд төрүүлэхийг дэмжсэн бодлого явуулахгүй бол удахгүй  цөөхөн Монголчууд бүгд өндөр настан болчихсон байх вий. Орчин үеийн залуус олон хүүхдээс тээршааж, 1-2 хүүхэдтэй байхыг эрхэмлэх болжээ.  Энэ бол аюул. Төрөлт багасаад, дээр нь хүн болж төрсөн хэдээс нь өмнө өгүүлсэн шалтгаанаар "хороогоод" байвал бид яаж олуулаа болж хүчирхэгжих билээ? Гаргалгаа хийхэд гоц ухаан шаардахгүй байгаа биз?