Sunday, May 3, 2009

Халуун элгэн нутаг минь мандтугай!

Ай хөөрхий, нутагаа санаж байна гэж най алга! Мэдээж аав ээж, ах дүү санагдах, үгүйлэгдэх нь ойлгомжтой. Гэхдээ эх орон гэдэг бас л агуу хүчтэй соронз байдаг юм байна. Монголд байхад нэг их юм бодогдохгүй, "тоодоггүй" юм шиг байдаг мөртөө "хаяад" явчихаараа үгүйлэн санах гэж тоймгүй болдог нигууртай аж.

Тэгээд л нутагаа санаж бэтгэрч байгаа Монголчууд дуртай Монгол дуугаа сонсоцгоож элгээ дэвтээж явдаг нь дуу гэдэг бас ямар их увидастайг харуулж байгаа хэрэг.
Тэр тусмаа "Халуун элгэн нутаг"-аа дуулахаар хамаг дотор эрхтэн дээшээ огшоод, хамар ам шархираад, юун дуулах, угаасаа мань мэт шиг тааруухан уран сайханчид бол дуу нь тасалдаад, дуулах уйлах хоёрын завсар хачин авиа гаргаад хөндлөнгийн хүн харахад хөх инээд нь хүрмээр харагдах боловч тухайн үедээ тийм их таашаал авч байгаа амьтан чинь юун тэрийг бодохтой манатай болдог байх л даа.

За тэгээд энэ сайхан дууг уран гоё найруулж дуулсан дуучид хамтлаг байнаа. Миний хувьд НИКИТОН их гоё найруулсан байдаг. Бас манай ХАРАНГЫН Лхагваа гоё дуулнаа. За тэгээд Жаргалсайхан гуай байна. Өөр олон дуучид амилуулж, Монгол гэдэг "хочтой" хүн бүхэн дуулдаг ийм л ид шидтэй дуу даа.

Интернетээр аялаад үзэхээр зарим сайтын форум дээр энэ дууг Монголчуудын баяр наадам, найр цэнгээн дээр дуулах дуртай ардын дуу гэж тодорхойлсон байх юм. Зарим гадаадынхан "андуураад" Монголын сүлд дуу гэж нэрлэсэн байхыг ч харлаа.

Энэ дууны "рейтинг" бол тасархай гэдэг нь илт боловч одоо ганцхан албан ёсоор өргөмжилж "цол гуншинг" нь өгөх л үлдээд байна. Монгол улсын СҮЛД ДУУ гэдэг эрхэм "алдрыг" өгчихвөл Монголчуудын нар гарч магнай тэниймээр санагдаад байх боллоо. Бид нарын заяа, хийморь лундаа эргээд ирэх ч юм билүү!?

No comments:

Post a Comment